Saturday, July 23, 2016

Өөрийнхөө тухай шүлэг бичээд...


Өөрийнхөө тухай шүлэг бичээд
Бичсэн цаасаа жижиглэж ураад
Урсан цаасаа амандаа хийлээ
Би амтагдахгүй байлаа
Голоос загас гохдоод
Гохдсон загасаа жижиглэж шараад
Шарсан загасаа идэж үзлээ
Загас амтагдаж байлаа
Би хэзээ ч үнэнийг бичиж чадахгүй юм байна.

2007.12.12

Sunday, May 1, 2016

АЛБЕРТ ЭЙНШТЭЙНИЙ ОХИНДОО БИЧСЭН ХАЙР-ЫН ТУХАЙ ЗАХИДАЛ


АЛБЕРТ ЭЙНШТЭЙНИЙ ОХИНДОО БИЧСЭН ХАЙР-ЫН ТУХАЙ ЗАХИДАЛ

Намайг анх харьцангуйн онолыг дэвшүүлж байхад тун цөөхөн хүн ойлгож байсан юм. Одоо хүн төрөлхтөнд хэлэх гэж буй энэ зүйлийг маань ч бас хүлээж авахгүй үл ойлголцол, мухар сүжигтэй нүүр тулна гэдгийг би сайн мэдэж байна. Тиймээс миний доор тайлбарлах гэж буй зүйлийг нийгэм, олон нийт ойлгож хүлээн авах чадамжтай болтол хэдэн жил, магадгүй хэдэн арван хадгалахыг хүсч байна.
Бүхнийг захирч, бусад бүх үзэгдэл юмсаас илүүтэйгээр орчлонт ертөнцийг хөдөлгөж байдаг ч бид одоо болтол нээж олж чадаагүй нэг хүч бий. Энэ хүч нь туйлын их чадалтай бөгөөд одоогоор шинжлэх ухаан тохирох, тогтсон тодорхойлолт гарган хэлж чадаагүй л байна. 
Энэ нийтлэг хүч бол ХАЙР юм. Эрдэмтэн судлаачид бүх ертөнцийн нэгдмэл онолыг хайж байхдаа хамгийн үлэмж их чадалтай, тэгсэн хэрнээ үл харагдах энэ хүчийг мартчихжээ...
Хайр бол Гэрэл, авч буй болоод өгч буй бүхнийг гэрэлтүүлэгч юм.
Хайр бол Татах хүч, яагаад гэвэл энэ хүч л хэн нэгэн хүнийг нөгөө рүү татагдах үндэс болдог.
Хайр бол Чадал, учир нь хайр л бидэнд буй сайн сайхан бүхнийг өсгөн үржүүлдэг бөгөөд нигүүсэл, нинжин сэтгэлийг сохор аминч байдлаас авардаг юм. Хайр биднийг дэлбээлж, дэлгэрүүлдэг.
Бид хайранд амьдарч, хайранд үхдэг.
Хайр бол Бурхан, Бурхан бол Хайр.
Энэ хүч нь амьдралын утга учир болдог бөгөөд үүгээр бүхнийг тайлбарлаж болно. Энэ л “хувьсагчийг” бид хэтэрхий удаан үл тоожээ. Учир нь бид хайраас айдаг, яагаад гэвэл орчлон ертөнц дээр энэ энергийг л хүн төрөлхтөн өөрсдийн хүсэл зорилгын дагуу удирдан жолоодож чадаагүй байна. Хайрыг бодитой болгохын тулд би хамгийн алдартай тэнцэтгэлдээ бяцхан орлуулт хийе л дээ. E=mc2 –ийн оронд, дэлхий ертөнцийг эдгээх энерги нь хайрыг гэрлийн хурдны квадратаар үржүүлсэнтэй тэнцүү гэе. Тэгвэл хайр хамгийн чадалтай хүч гэсэн дүгнэлтэнд хүрнэ. Яагаад гэвэл хайранд хязгаар гэж байхгүй. 
Ертөнцийн бусад хүчнүүдийг удирдах, хэрэглэх явцдаа бие биенийхээ эсрэг ашиглаж хүнлэг чанараа бүр мөсөн алдсаны дараах энэ цаг үед бидэнд өөрсдийгөө шинэ төрлийн энергээр хангах шаардлага тулгарч байна. Хэрвээ бид өөрсдийн төрөл зүйлээ авч үлдэхийг хүсвэл, хэрвээ бид амьдралд ямар нэгэн утга учир хайж байгаа бол, хэрвээ бид энэ дэлхий, түүн дээр орших бодьгал бүрийг хамгаалахыг хүсч байгаа бол хайр л цор ганц хариулт нь юм. Магадгүй бид одоогоор хайрын тэсрэх бөмбөг хийж, манай гаригийг сүйрүүлж буй үзэн ядалт, аминч байдал хийгээд шуналыг орвонгоор нь устгах чадалтай төхөөрөмж зохион бүтээх хараахан болоогүй байх л даа. Гэвч хувь хүн бүхэн өөртөө маш жижигхэн боловч хангалттай чадалтай, энерги нь чөлөөлөгдөх мөчөө хүлээж буй хайрын үүсгүүртэй явдаг билээ.
Хайрт минь, хэзээ бид энэ нэгдмэл энергийг өөрөөсөө гаргаж, өөртөө зөвөөр авч чадна тэр цагт хайр бүхнийг ялан дийлэгч гэдгийг баталж чадах бөгөөд оршигч бүхний хил хязгаарыг нэвтрэн гарах болно. Учир нь Хайр бол амьдралын мөн чанар (эфир) юм.
Бүхий л амьдралын минь турш та нарынхаа төлөө чимээгүйхэн цохилж байсан зүрхэнд маань чухам юу байсныг илэрхийлж гаргаж чадалгүй явсандаа гүнээ харамсаж байна. Магадгүй одоо хүлцэл эрэх нь нэгэнт оройтсон байж болох ч цаг хугацаа харьцангуйн учир чамд хичнээн их хайртай, ямар их баярладаг болохоо хэлэхийг хүсч байна. Би эцсийн хариултанд хүрсээн...

Tuesday, March 11, 2014

Үд дундын зүүд, хоосон мөрөөдөл

Наран ургахаас өмнө(1995) гэж нэг кино бий. Ричард Линклэтер гэж америк, өвөрмөц найруулагчийн бүтээл. Уг кино араасаа “Нар жаргахаас өмнө (2004), Шөнө дундаас өмнө(2013) гэсэн 2 ангийг дагуулсан юм. Товчхондоо галт тэргэнд танилцсан хосуудын амьдралын түүх. Хоёр хүн л яриад байдаг кино л доо. Гэхдээ би л лав хэд хэд үзээд уйдаагүй. Дуунууд нь янзтай, гол дүрийн эмэгтэй нь дуулчихдаг.

Эхний анги дээр нь Вена хот, Дунай мөрний эрэгт гудамжны хэрмэл шүлэгч мань хоёр хосоос багахан мөнгөөр шүлэг зохиож өгөхөөр гуйх бөгөөд дуртай үгээ хэл, түүнийг чинь оруулаад бичье гэнэ.  Хос “Сүүн коктейль” (Milkshake) гэсэн үг хэлнэ.  Түүгээр нь ийм шүлэг зохиогоод харанхуйд уншина. 

Үд дундын зүүд, хоосон мөрөөдөл
Дэрвэгэр сормуус
Өө, хонгор минь чиний зүс төгөлдөр төрх
Өөрийн минь ганц дусал нулимстай хамт
Уух дарсанд минь унав.
Дүрсэлвээс чи надад хэрхэн харагдаж буйгаа
Дүрлийх алаг нүднээс минь үзээч
Амтат бялуу, сүүн коктейль
Би бол хоосон мөрөөдлийн элч
Би бол уран сэтгэмжийн цуваа
Миний юу бодож буйг чи
Мэдээсэй гэх хүсэл байна
Дахиад таамаглахыг чи хүсэхгүй ч
Хаанаас ирсэнийг минь чи мэдэхгүй
Хаашаа явж буйгаа бид мэдэхгүй
Одоо цагтаа л оосорлуулан
Урсгал даган хөвөх мөчир адил
Угаас бид амьдралд түр үзэгдээд өнгөрнө
Би чамайг тээж явна.Чи намайг тээж явна
Болох ёстой зүйл гэвэл энэ л байна.
Огт чи намайг танихгүй гэж үү?
Одоо ч чи намайг танихгүй гэж үү?

Уг шүлэг нь бол David Jewell гэж Америк яруу найрагчийнх юм билээ. “Дахиад л гүрвэлүүд” гэсэн өвөрмөц номтой нөхөр бий.

 
Энэ киноны дуу нь. Come here

Wednesday, November 27, 2013

Арван нэгдүгээр сард бороо ордоггүйг мэдэх









 ***                 ***

Арван нэгдүгээр сард бороо ордоггүйг мэдэх ч
Тийм дуу сонсож гэгэлзэх
Амьдрал хэзээ ч эхлээгүй бас
Төгсөхгүй гэдгийг бодсоор
Хөшигөө хаагаад үхлийн тухай бодох
Гэв гэнэт л сэтгэлд дүүрээд ирсэн
Энэ их хоосныг хаашаа асгачихаад
Орыг нь юугаар бөглөж санаа алдах
Итгэлээ гээж, гагц мөрөөдлөөр л
Дүүлэн нисэхийн сайхныг мэдрэх
Байж яадан хүсэн тэмүүлэх гэвч
Байс хийгээд л ухран шантрах
Хором хугацаа яагаад амьдралаас минь
Тасдан одсоор байхад түүнд ээнэгшин дасаж
Холдож одсон хэн нэгэний үлдээсэн
Хоосрол мэт дурсамжууд зүрхийг минь
Базчихаад лугшилт адил цусыг нь шүүрүүлсээр байхад
Инээмсэглээд л суугаад байгаагаа гайхах
Хэзээ ч эргэж ирэхгүй, ирлээ ч үнэгүй болсон
Учрал чухам яагаад найдлага төрүүлсэн хэвээр байгааг
Далавчиндаа мөнхийн шархтай цэл залуухан шувуу
Дараа хаврын салхийг нисэлт мэт хүлээн гуниглан буйг
Даарчихсан гэрлийн шонгууд мэдсэн юм шиг л
Бөхтийн санаа алдаж, мөн л шувууд шиг бас над шиг
Бүүр түүрхэн юуг ч юм хүлээн хүлээсээр л байгааг
Одоо ингээд л бүх юм дуусахад
Хамгийн сүүлд юуг санагалзан мэгшихээ
Чи мэдэх үү?

 2013.11.22

Tuesday, April 30, 2013

Ай хэндээ гэж ярих вэ...


 

 "Girl standing at the window" Salvador Dali

***                       ***

Тэмүүлэл хүслийг минь тас татчихсан
Тэмтрэн чичигнэх хайчийг чи юу гэж нэрлэдэг вэ
Өөрт минь байсан хамгийн нандин дурсамжийг минь
Өөр хүнд өгчихөөд  инээд алдан зогссоноо
Өнөөдөр чи юу гэж тайлбарлах вэ...
Бодоод, бодоод ч олж санахгүй байгаагаа
Босож зогсоод цонхны наана уйтгарлан буйгаа бас юу гэх вэ
Бороо орвол угаагдаж мэднэ гэж хүлээсээр
Хаврыг угтаж байгаагаа найдвар гэж нэрлэх юм бол
Хаанаас ирсэн  нь үл мэдэгдэх дотоод сэтгэлийн зөрчилдөөнөө
Хайрыг гэж итгэсэн сэм гэнэхэн догдлолуудаа
Нүдэндээ тодоос тод харсаар аажимдаа
Амьдралд тун ч ихээр дасаж буйгаа яаа гээ вэ
Гэнэтхэн эхэлсэн шигээ гэнэт дуусах учиртай
Гэгээрэл мэт цаг хугацааг хэндээ үлдээж дуусгах вэ
Ай өргөст дурсамжийн судрыг хэнээр уншуулна гэж хүлээх вэ
Ай өндөрөөс унах, уначихаад босох хоёрын алинаас нь
Арга барсан их өвдөлт мэдрэгдэх вэ
Мартсан гэдгээ л мартахгүй бол санагдсаар байгаа мөчүүдийг
Маргаашнаас эхлээд би хэнд итгэж ярих вэ
Ай хэндээ гэж ярих вэ...

2013.03.20

Tuesday, February 26, 2013

Ингэсхийгээд л туулнам...


I know that someday soon
Sun will gonna shine
Paul McCartney

Жинхэнэ юм гэж үгүй
Жигтэй сонин хорвоод
Уулынхаа тухай дууг
Уулаа бодож дуулнам
Усныхаа тухай үлгэрийг
Нулимсаа арчин сонсном
Зүрхний сэм догдлолоо
Зүсийг нь гундааж алхнам...
Бодит юм гэж үгүй
Борог өдрүүдийн уртад
Борооны үнэртэй бодлоо
Солонго болгон татуулнам
Сэтгэл шиг гэрэлтэх саранд
Сэтгэл юугаа хуваалцнам
Сэрж мартах амьдралыг
Сэрүү татуулан туулнам
Илч нь түгээмэл наранд
Инээмсэглэн алхнам
Ирж буцах хорвоог нь
Ингэсхийгээд л туулнам...

Tuesday, January 1, 2013

Нэг тийм хөнгөн гунигтай үдэш...


Нэг тийм хөнгөн гунигтай үдэш...

Нэг тийм хөнгөн гунигтай
Үдшүүдийн дараа
Бүлээн шүршүүрт орж зогсохдоо
Дуртай дуугаа аяархан аялаад
Гуниглах болсон шалтгаан хийгээд
Гутлын минь хоншоор дээр
Зөөлөн буусан улаахан навчны
Тухай эрхгүй бодож санаа алдахад
Эгнэгт ор хоосон болоод
Тэгш дүүрэн гэдэг нь ч
Эмтэрч унасан сэтгэлийн минь хоосон зайг
Хэзээ ч нөхөж чадахгүйг мэдэхээр
Үргэлжлэх хүсэл надад буй болвоос тэр нь
Үсний үзүүрт тогтож байгаад урсан одох
Үнэр ялдам он цагийн ааш гэж санана...
Учрал бүхэн үүдний минь хэсэгт хүлээж суугаад
Удаанаар санаа алддаг болсныг мэдснээс хойш
Инээх хэцүү, уйлах амархан тухай
Их сайн ойлгодог болсон.
Одоо ингээд л зогсож байхад
Юм бүхэн урсан одох жамтайг
Усны цоргоо алгуурхан хаахдаа
Төгсгөл гэж байдгийг ч хамгийн ихээр мэдэрч байна. 

2012.01.02