Sunday, May 1, 2016

АЛБЕРТ ЭЙНШТЭЙНИЙ ОХИНДОО БИЧСЭН ХАЙР-ЫН ТУХАЙ ЗАХИДАЛ


АЛБЕРТ ЭЙНШТЭЙНИЙ ОХИНДОО БИЧСЭН ХАЙР-ЫН ТУХАЙ ЗАХИДАЛ

Намайг анх харьцангуйн онолыг дэвшүүлж байхад тун цөөхөн хүн ойлгож байсан юм. Одоо хүн төрөлхтөнд хэлэх гэж буй энэ зүйлийг маань ч бас хүлээж авахгүй үл ойлголцол, мухар сүжигтэй нүүр тулна гэдгийг би сайн мэдэж байна. Тиймээс миний доор тайлбарлах гэж буй зүйлийг нийгэм, олон нийт ойлгож хүлээн авах чадамжтай болтол хэдэн жил, магадгүй хэдэн арван хадгалахыг хүсч байна.
Бүхнийг захирч, бусад бүх үзэгдэл юмсаас илүүтэйгээр орчлонт ертөнцийг хөдөлгөж байдаг ч бид одоо болтол нээж олж чадаагүй нэг хүч бий. Энэ хүч нь туйлын их чадалтай бөгөөд одоогоор шинжлэх ухаан тохирох, тогтсон тодорхойлолт гарган хэлж чадаагүй л байна. 
Энэ нийтлэг хүч бол ХАЙР юм. Эрдэмтэн судлаачид бүх ертөнцийн нэгдмэл онолыг хайж байхдаа хамгийн үлэмж их чадалтай, тэгсэн хэрнээ үл харагдах энэ хүчийг мартчихжээ...
Хайр бол Гэрэл, авч буй болоод өгч буй бүхнийг гэрэлтүүлэгч юм.
Хайр бол Татах хүч, яагаад гэвэл энэ хүч л хэн нэгэн хүнийг нөгөө рүү татагдах үндэс болдог.
Хайр бол Чадал, учир нь хайр л бидэнд буй сайн сайхан бүхнийг өсгөн үржүүлдэг бөгөөд нигүүсэл, нинжин сэтгэлийг сохор аминч байдлаас авардаг юм. Хайр биднийг дэлбээлж, дэлгэрүүлдэг.
Бид хайранд амьдарч, хайранд үхдэг.
Хайр бол Бурхан, Бурхан бол Хайр.
Энэ хүч нь амьдралын утга учир болдог бөгөөд үүгээр бүхнийг тайлбарлаж болно. Энэ л “хувьсагчийг” бид хэтэрхий удаан үл тоожээ. Учир нь бид хайраас айдаг, яагаад гэвэл орчлон ертөнц дээр энэ энергийг л хүн төрөлхтөн өөрсдийн хүсэл зорилгын дагуу удирдан жолоодож чадаагүй байна. Хайрыг бодитой болгохын тулд би хамгийн алдартай тэнцэтгэлдээ бяцхан орлуулт хийе л дээ. E=mc2 –ийн оронд, дэлхий ертөнцийг эдгээх энерги нь хайрыг гэрлийн хурдны квадратаар үржүүлсэнтэй тэнцүү гэе. Тэгвэл хайр хамгийн чадалтай хүч гэсэн дүгнэлтэнд хүрнэ. Яагаад гэвэл хайранд хязгаар гэж байхгүй. 
Ертөнцийн бусад хүчнүүдийг удирдах, хэрэглэх явцдаа бие биенийхээ эсрэг ашиглаж хүнлэг чанараа бүр мөсөн алдсаны дараах энэ цаг үед бидэнд өөрсдийгөө шинэ төрлийн энергээр хангах шаардлага тулгарч байна. Хэрвээ бид өөрсдийн төрөл зүйлээ авч үлдэхийг хүсвэл, хэрвээ бид амьдралд ямар нэгэн утга учир хайж байгаа бол, хэрвээ бид энэ дэлхий, түүн дээр орших бодьгал бүрийг хамгаалахыг хүсч байгаа бол хайр л цор ганц хариулт нь юм. Магадгүй бид одоогоор хайрын тэсрэх бөмбөг хийж, манай гаригийг сүйрүүлж буй үзэн ядалт, аминч байдал хийгээд шуналыг орвонгоор нь устгах чадалтай төхөөрөмж зохион бүтээх хараахан болоогүй байх л даа. Гэвч хувь хүн бүхэн өөртөө маш жижигхэн боловч хангалттай чадалтай, энерги нь чөлөөлөгдөх мөчөө хүлээж буй хайрын үүсгүүртэй явдаг билээ.
Хайрт минь, хэзээ бид энэ нэгдмэл энергийг өөрөөсөө гаргаж, өөртөө зөвөөр авч чадна тэр цагт хайр бүхнийг ялан дийлэгч гэдгийг баталж чадах бөгөөд оршигч бүхний хил хязгаарыг нэвтрэн гарах болно. Учир нь Хайр бол амьдралын мөн чанар (эфир) юм.
Бүхий л амьдралын минь турш та нарынхаа төлөө чимээгүйхэн цохилж байсан зүрхэнд маань чухам юу байсныг илэрхийлж гаргаж чадалгүй явсандаа гүнээ харамсаж байна. Магадгүй одоо хүлцэл эрэх нь нэгэнт оройтсон байж болох ч цаг хугацаа харьцангуйн учир чамд хичнээн их хайртай, ямар их баярладаг болохоо хэлэхийг хүсч байна. Би эцсийн хариултанд хүрсээн...

No comments:

Post a Comment