Wednesday, January 5, 2011

Эрдэнэтээс ирсэн гэрэлт шүлгүүд...

Эрдэнэт хот гэж сайхан хот байх. Тэнд миний арваадхан насны хамаг гэгээн бүхэн үлдсэн. Би Эрдэнэтийнхээ цэцэрлэгүүдийн хашааны сараалжин төмрийн аль нь дутууг, хаана байдаг нүх онгорхой байдгийг нь ч мэднэ... Дэндүү дотно доо...
Угаасаа Эрдэнэт хот гэгээлэг, залуухан хот. Тэнд миний л адил шүлэг, яруу найрагт дуртай, дурласан хүмүүс их олон бий. Уран - Өд дугуйлан минь, багш Мандахсан, олон ах дүүс минь бий...

Тэдэн дунд Бямбаагийн Баясгалан гэж ах маань байх. Угаас уугуул Эрдэнэтийн хүн ховорхон, миний үеэс л харин Хангал ах гэх мэт гарч ирж байна. Баясгалан ах маань Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уугуул миний аав ижийгий минь нутгийн хүн.

Архангайгаар овоглосон яруу найрагчдийн толгойд нэрлэгдэж асан, нэрлэгдсээр буй Чимэдравдангийн Мягмарсүрэн агсантай тохой залган сууж, ороо нийлүүлэн амарч өссөн найз нь... Миний Мандахаа багшийн гэрийн шавь нь... Их Гок - ийн ажилчин хүн.

За үг ихдэж үхэр холдох нь... Би юу гэж хэллээ ч уран бүтээлийг нь давах тодорхойлолт өгч чадахгүйг минь эрхэм та бүхэн сайн мэдэхийг мэдэхийн хувьд одоо Баясгалан ахын шүлгээс доор оруулья.



Намрын сэвшээнд

Навчис жингүйднэ

Амь тавьсан

Бүүдхэн чимээ

Аниргүйд шингэнэ

Мододын мөчир

Эхэр татна

Өвснүүд

Толгой гудгар…

Өнчрөлийн дуу

Элэг эмтлэхэд

Зүрхэндээ би

Зул асаав

Тэгэхэд

Гуниг

Намайг хүзүүдчихсэн

Мэгшиж байдаг аа



*** *** ***

Хэн нэгэн

Шүргэх ч шиг

Хэрүүл ч юм уу?

Шивнэлдэх ч шиг

Хэрэгт дурлан

Сэртэл…

Арван тавны

Шав шалдан

Сар

Цонхоор

Орж ирчихээд

Амрагийн минь

Нүцгэн цээжийг

Тэвэрчихсэн харагдана

Хөнжлөө тийрсэн

Хасан дээр нь

Хөлөө тэгнэчихээд

Хөхөн дээрхи

Гар нь

Товчоор нь

Оролдоод…

Харин чи

Уруул дээрээ

Инээмсэглэлтэй

Унтаа дүр

Эсгээд

Арай

Та хоёр…

2011-01-04

гэх мэтээр түүний шүлгүүд хөвөрч байна. Олон юм ярих юу байхав. Ийм л мундаг шүлгүүд байна.

Гадаа ноход архиралдана

Гараад хартал

Банхарын хэвтэрт

Тогтсон уснаас

Сарны нохой ярдаглана

Нүв нүцгэн сар

Тогтоол дотор

Нүүр амаа хувирган

Долгионд дайвалзаж

Нохойн хэлнээс бултана

Банхар

Тэнгэрийн амтыг ч

Мэдрэхгүй

Хурдан хурдан долооно

Дүүртэл идчихээд

Тэнгэр өөд харвал

Бүв бүтэн сар

Огторгуйгаас

Хэлээ гаргаж

Дунд хуруугаа

Гозойлгоно

Цүрдийсэн банхар

Гэдсээ

Цүл цүл дуугарган

Сэм гэтсээр

Хотноосоо холдож

Эзэн

Тэнэг гэж шоолно доо! хэмээн бодож

Сарны хиртэй усаар

Чимээгүйхэн гулгина

*** *** ***

ингэж мэдэрч, мэдэрснээ ингэж дүрсэлж байгаа хойно Баясаа ахдаа баярлахаас яахав. За дахиад нэг шүлэг.

Өндрөөс унахдаа

Үнхэлцэг нь хагарсан

Өөд болооч

Навчнууд

Өвсний жадан дээр

Унахад

Зүрх часхийн

Хатгана

Намрын ачаан дээр

Сүүтэгнэх

Сүнсний нь чарлаа

Чихний хэнгэрэг

Цавтаж цууртал

Бөмбөрдөнө

Гуниг эгэлдэргэлсэн

Борогийг

Үхэр амтлахад

Чихүүдэс хүрч

Бие тавгүйтнэ

Өр өвдөөд

Хавар иртэл

Тайвшрахгүй нь

Шаналангаа өндөглүүлээд

Зүрхэндээ даръя

Яргуй дуншихад

Жигүүр дэвээд

Гөлөглөсөн мөчир дээр

Болжмортой жиргэг

2010-11-16

Түүний сэтгэл дотор ямархан гэгээн мэдрэмж буцалж, оргилж, тэсэрч байдгийг нэвт харж болмоор санагдана. За та бүхэн санал бодлоо доор үлдээнэ биз...




9 comments:

  1. Udii nasandaa iim shuleg bichne gedeg aviyasaas gadna ih zorig shuu

    ReplyDelete
  2. нэр нэгт ахад уран бүтээлийн амжилт хүсье.

    ReplyDelete
  3. Тийм шүү, зориг хэрэгтэй.
    Хэхэ Баясаа эгчээ бүр Б.Баясгалан байгаа биз дээ... Баясгалан гэдэг нэр ер нь утга зохиолтой холбогдоод байна уу даа...
    Азжаргалаа мундаг...

    ReplyDelete
  4. mundag bichdeg hun bn aa. erdnetd iim humuus tsuuhun baidag baihdaa.

    ReplyDelete
  5. Уламаа. Эрдэнийн сайхан хотод минь ийм хүмүүс олоон олон. Энэ бүхэн Мандахаа багшийн минь ач юм.

    ReplyDelete
  6. Хэлээд юу гэхэв, олон бий. Мандахаа багшийн минь л утга зохиолын төлөө гэсэн сайхан бүхний үр шүү дээ...

    ReplyDelete
  7. Уламаа ахын дүү Эрдэнэтэд иймэрхүү бичлэгтэй хүмүүс олон байна...Архи ууж энд тэнд би яруу найрагч гэж өвчигнөдөггүй, өөрийгөө дөвийлгөдөггүй болохоос манай ах нар сайн шүү...Баясаа ахдаа амжилт хүсьев Уулыг нүүлгэн, Үгсийн сийлбэрч билээ та

    ReplyDelete