Friday, June 4, 2010

Олон олон хавар миний амьдралд айсуй...

Он цаг улиран одох бүртээ надад шинэ зүйл авчирдаг гэдэгт итгэнэм. Гагцхүү энэ учраас л би амьдралд хайртай гэж бардан хэлж чадна.
Яг одоо миний гар дээр "Шинэ-Үнэр" бүлгэмийн Дэлгэрсайханы Сосорбарамын <<Жүржийн амтат амьдрал>>, Раднаадоржийн Улам-Оргихын <<Миний хашгирсан хавар>> нэртэй хос ном байна. Ийм ном гаргаад надад аваад ирсэнд нь би баярлаж байна. Сосоо ах нь өвгөн буурал багш маань хичнээн баяртай байгаа бол гэхээс жаргалтай байна шүү.
Би хэн нэгэний тухай сайн муу, сайхан муухайг хэлдэг хүн биш. Тэгээд ч та хоёрын талаар хэн нэгэн муу муухайг хэлэх аргагүйгээр бичих хэрэгтэй.

Д.Сосорбарам

Номынхоо нүүрэнд "Энэ хорвоо дээр орших бүх юмс шалтгаангүй, шалтгаангүй учраас шалтгааныг олох гэж шүлэг бичээд шалтгаангүй хэмээн оншилдог болохоор л шалтгаан үүссэн байх..." гэж бичээд над өгсөн байна. Үүнээс л түүнийг хичнээн "шалтгаангүй хүн" болохыг харж болох мэт санагдав. Номын өмнөтгөлд П.Батхуяг ах түүнээс "нүд" олж харсан тухайгаа бичсэн байсан. Тиймээ, түүнд "нүд" бий. Мулдашевийн номд эртний өвөг Лемурчууд билгийн нүдтэй байсан ба түүгээрээ сансар огторгуйтай харьцаж мэдээлэл авдаг байсан тухай бичсэн байдаг. Магад бидний үед зарим нэгэнд маань тэдний "нүдний хэлтэрхий" өвлөгдөн ирээ ч юм билүү яаж мэдлээ...
Тиймээс Сосоо ийн шүлэглэсэн байна.
Хөл нүцгэн охидыг ойроос харах гэж
Би ногоон гуталтай гудамжнаа зогсоно
Харааны шилээ зүрхэндээ тас атгаад
Хачин уйтай хавар цагийг хүлээнэ.
Хөл нүцгэн охид хавар ирэх сурагтай
Өвөл
Би ногоон гуталтай юуг ч үл бодон тэнгэр ширтэнэ
Тэндээс
Тэнгэрт хүндрэх үй олон шувууд нойлын цаасаа
жижиглэн цацсан мэт цас хаялаж
Зүрхний минь цохилт шиг цаг хугацаа нулимсны
алчуураа нүдрүү минь шидэн
Цасны ширхэг бүрт цэцэг ургуулан нисгэхэд
Анхилам үнэр нь хамар ам, хацар нүүрийг долоон
элсэн чихэр мэт хайлуулсаар
Хөл нүцгэн охидыг ойроос харах гэж
Ногоон гуталтай гудамжинаа зогсох
Хамар ам, хацар
нүүргүй, би
гэсэн байна. "Далайг харахад чинь гуниг төрөхгүй бол, чамд ямар ч найдлага алга" гэдэг шиг та энэ шүлэгнээс өнөөгийн монголын яруу найраг дахь шинэ үнэрийг олж мэдрэхгүй байгаа бол танд ямар ч найдлага алга. Явж хамраа эмчлүүл л гэхээс дээ.
Бас тэрээр,
Навчсын цогцсыг алган дээрээ тавиад үйрүүлэн үлээх минь
Шоргоолжны нутагт цасан ширхэг мэт алгуурхан газарднам.
Навчсын үйрмэгийг үзэмжит үхэл хэмээн сэтгэх бяцхан шоргоолж
Цасан ширхэг мэт алгуурхан буух хэсэгхэн үйрмэгийг
Алган дээрээ тосоод дахин дахин үйрүүлж удаан үлээхдэ
Энэ үүрмэг
Үхлийг олшруулсан тухай
Нөгөө ертөнцөд цасан ширхэг мэт алгуурхан газардахдаа
Дахиад л нөгөө ертөнцийн хэн нэгэнд үйрмэглүүлэх
зовлонгийн шалтгааныг нээх тухай
Юу ч бодолгүй үлээснээс л
Хоосон ертөнц үүссэн байх нь

хэмээн бичжээ. Бас л хэлэх үг алга. Түүний амьдралыг дүгнэх, сэтгэх нь дэндүү өөрийнхөөрөө нийтийн үнэлэмжээс хэт ондоо байна. Энэ бол ШИНЭ ҮНЭР мөн.
"Үүлний нүднээс унасан нулимсыг
Өлмий дороо гишгэж алхахад
Үнэн хийгээд худал
Газар хийгээд тэнгэрийн хооронд
Ганц ч хуруу зай байхгүй" гэж тэр ойлгодог байх нь. Шинэ үнэрээ гэж.


Р.Улам-Оргих


Шөнийн 03 цаг 29 минутад
Согтуугаар зам хөндлөн гарахдаа
Машинд дайруулж үхсэн
Өмсөх хувцасгүй нүцгэн намрыг
Өвөл бид хоёр өнөөдөр даруухнаар оршуулав.
Түүний зургийг тэнгэрт нисдэг
Хар өнгөтэй нэг шувуугаар зуруулж
Хөшөөний бичээсийг нь
Хэн ч мэдэхгүй яруу найрагчийн
Шүлгийн мөрөөс ишлэв.
"Бурхны нүдэн дэх нэг дусал нулимс - НАМАР"
гэж бичсэн хүн бол манай Улмаа. Түүний шүлгүүд анх сонсоход л надад таалагдсан шүү. Түүнийг сайн чанараасаа болж "жаал" байхаасаа эхлэн шүлэг бичсэнийг П.Батхуяг ах бичсэн байна лээ. Түүний шүлэгүүдэд ямар нэгэн "сайн зүйл" дандаа байдаг.

Цаг хугацааны туулай
Цаашаа биш наашаа дэгдэхэд
Царайлаг хөвүүний цээжинд
Гунигаас өөр гэгээ үгүй.
Мөнх ногоохон сэтгэлээ
Дэрлээд унтаж буй хавар цаг
Маргааш л сэрэх юм шиг.
Хүн төрөлхтөнийг даарч хөрөх
Осгож үхэх аюулаас хавар цаг л
Хүүхэд шуухад, хүүхэн хонгоруудтай нь
Хамт аврах юм шиг хачин дулаахад
Мэдрэмжиндээ итгэж амьдрахад
Хавар цаг хажууд ирчихсэн
Инээмсэглэж зогсох л хамгаас сайхан. Түүний мэдрэмжинд би ч бас итгэдэг. Олон таван үг, хоосон магтаалаар хайран сайхан зайг бөглөхийг үл тэвчин дахиад нэг шүлэг оруулсу.

Өвлийн шүлэг
1.
Улаан нүүрээрээ цонх мөргөж үхсэн
Өч төчнөөн цаснуудын эмгэнэлийн
Бичгийг үйлдэж дуусгачихаад
Уйтгарт цонхондоо уншиж сонирхуулна.
2.
Өвлийн пийшинд хуурай моднууд
Пүрхийн асах шиг
Хавар хурдан болоосой.
3.
Өвлийн пийшинд хуурай моднууд
Пүрхийн асна.
4.
Хавар болох хаа байсан юм.
Сайхан шүлэг байна. Гэгэлзмээр, гэнэт цочин босмоор, юу билээ гэж бодмоор, юу ч бодохгүй суумаар сайхан шүлэгүүдийг та хоёр бичсэн байна. Би хувьдаа баяртай байна.

5 comments:

  1. Full Energy nom bolson baina lee.

    ReplyDelete
  2. хэлээд юу гэхэв

    ReplyDelete
  3. tiim shuu uneher energy full book bolson geed humuus yariltsaad bnlee. hehe

    ReplyDelete
  4. Тэнгэрт хүндрэх үй олон шувууд нойлын цаасаа
    жижиглэн цацсан мэт цас хаялаж ийм гоо зүй гэж байх уу? буруу шааж байгаа юм биш худлаа магтсанаас болохгүй байгааг нь хэлэх нь зүй хэрэг байх гэж бичлээ битгий гомдоорой өөрөө сэтгэж байнаа нь энэ гээд голдирлоосоо гарж болохгүй байхаа гоо зүй гэж багааг мартах хэрэггүй байхаа дүү минь

    ReplyDelete
  5. Гоо зүй гэдгээ нээх сайхан тайлбарлаад өгөөрэй, би тэр тайлбарны чинь дор буруу шаалгүйгээр сэтгэгдэл бичье.

    Танд "таны ярьж байгаа шиг" гоо зүй хэрэгтэй бол, МУНДАГ уран тансаг, гоо үг хэрэглэдэг МУНДАГ яруу найрагчдын МУНДАГ шүлгийг л унших нь дээр байх гэж зөвлье!

    ReplyDelete