Багш маань 2008 онд "Навчин ай" нэртэй шүлгийн номоо гаргасан бөгөөд "Нарийвчлагдсан мэдрэмж дээр зєн совин, далд омгорхол, энэ гурваас энэ ном бvтсэн мэт санагдав" хэмээн Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасvрэн уг номынх нь тотгонд vгийн хадаг мандаажээ.
Багшийнхаа шүлгүүдээс гурван шүлэг нийтлэв.
***
Хүмүүс гараад явна.
Дуу шуугиан нь дагаад явчихна
Надтай хамт чимээгүй үлдэнэ.
Чимээгүйгээс гуниг төрнө.
Чим чим...
Цээжний анирт
Шүлэг сэрчигнэнэ.
Хааяа цонхоор алсыг харж юм бодох
Халуун хоолны үнэр өрөө дүүрээд ханхлах
Хачин эгэл амьдрал энгүүндээ шүлэг болох
Хамаг юм, миний эргэн тойрон үргэлжлэх
Би зөвхөн
Би хэвээрээ л орших
Тээр урьд хоёр хөх оргил зэрэгцэхүй
Тэр зүг нарны шувуу зэллээд алсрахуй
Хамт дагаад нисэх ертөнц гэгэлзэхүй
Харин би энэхэн өрөөндөө ганирахуй.
Би зөвхөн
Би хэвээрээ л орших
Насны өглөө мөнгөн хяруу цайлалзана
Навчны хацар дээр миний мөр цацарна
Нам гүм алтан өглөө гялалзана
Нартад хүмүүн болсон би юутай азтай.
Би зөвхөн
Би хэвээрээ л орших
Нуруугаа үүрээд их л хангалуун зогсох
Нутгаа үгүйлээд тэртээ бага насаа дурсах
Нулимст хорвоог инээмсэглэн аргадах
Нэрээ хамт бичдэг Эрдэнэт хотоо зүрхэндээ хайрлах.
Би зөвхөн
Би хэвээрээ л орших
*** *** ***
Навчин ай-2
Асгарсан шар гэрэл дундаас
Аялгуут шар дуу үелзэхийг сонсдог
Айзамт тэр дуундаа манараад
Алхах тусмаа дотогшоо гунигладаг.
Хуйс цоохор навчнаа гишгэхэд
Хуурай алтан чимээ шажигнадаг
Хуурай алтан чимээн дотроос
Хуучирснаа анзаараад эрхгүй гунигладаг.
Хөглөрсөн бөөн хэлбэр дотроос
Зүрхэн хошуу навчинд дурладаг
Зүрхэн хээ навчны галбирт
Зүүгдэж яваагаа аяндаа мэдэрдэг.
Дэвсгэрлэж хийссэн айн шаргал ертөнцөд
Дэндүү дассан он жилүүд минь шуранхайлдаг
Дэндүү хайртай он жилүүдийнхээ шуранхайд
Дэлэм хүрэхгүй шүлэг минь багтдаг.
::: ::: ::: :::
Бүх шүлгийг нь бичмээр байна. Гэвч ингээд, энэ удаа зогсов. Дээрх гурван шүлэг миний хувьд хамгийн гоё нь санагддаг юм. "Навчин ай" гэж Багшийн ном бий...
...Алхах тусмаа дотогшоо гунигладаг...
ReplyDeleteЭнэ хүн хорвоог ажиглаж, хорвоо түүнд амьдралаа ярина