Thursday, May 6, 2010

Д.Баттогтох ах...


Д.Баттогтох гэж эгэл хүмүүн орчлонгийн наран доор амьдарч, дуулж уйлж, найраг бүтээж явсныг дурсан санахад ямархан нэгэн гэгээн мэдрэмж зүрхнээ ирнэ. Түүнийг би хараагүй, уулзаж яваагүй ч нэг багшийн шавь, нэг өлгийний хүүхдүүд гэдгээрээ бас ч бахархнам... Тиймээс ч энэ хүмүүнийг ахаа гэж санан дурсах эрх бий хэмээн бодно.
Өнгөрсөн зун багш надад түүний багштай харилцахыг хүсэж байсан захиа, шүлэг бүхий номыг өгсөн юмсан. Тэр номоос ямар нэгэн гэрэл гэгээ түгэж байх шиг санагдсан. Баттогтох ахын

Юм бүхэн гунигтай
Юүдэн малгайтай цувны минь хормой хийсэх нь гунигтай
Хэзээ ч дахин уулзахгүй байж мэдэх
Хэн нэгэн андаасаа салж одох минь гунигтай
Хэсэг хэсэгхэн үүлний сүүдэр гэрийг минь дайрч өнгөрсөөр
Хэзээ хойно мартсан юм шиг бороо орох гунигтай
Цэцэг ч гунигтай
Цэцгийн хөлөнд ассан өвсний гэгээ ч гунигтай
Чулуу ч гунигтай
Чулуу дэрлэж унасан цэцгийн дэлбээ ч гунигтай
Чухамдаа сэтгэл минь гунигтай
Ижий минь хийж өгсөн дээлний өнгө элж хуучрах нь гунигтай
Их л дотно санагдах найзын минь нэр санаанд бүдгэрэх нь гунигтай
Салхи ч гунигтай
Салхинд дэрвэх өрхний чимээ ч гунигтай
Үүлс ч гунигтай
Үүлэн завсраар сиймэх гэгээ ч гунигтай
Үнэндээ сэтгэл минь гунигтай...
хэмээх хачин сайхан шүлэг бий. Унших бүрт түүний ертөнцөд хамтдаа гуниглах шиг. Чухамдаа яруу найрагч хүн ингэж бичиж чадаад, ийн бичсэнийг нь уншигч хэн ч болов түүнийхээр мэдэрч баярлаж, гуниглаж "сэтгэл нь хөдөлж" байвал "хэрэг бүтсэнийх" буюу.

Залхаж одов уу
Замилан хорвоод тийм их уйтгарлав уу
Туучиж явахад чихарч дуугарсан цас
Тунарч хайлаад чимээгүй байна
Эрмэг зоригтой алхаж явсныг чинь
Эрхгүй санагалзан тийм байгаа...
хэмээн нэг үеийнх нь Уран - Өдийн шавь, эгч Ж.Батцэцэг бичжээ.
Д.Баттогтох бол миний хүндэлж, хайрлаж явдаг яруу найрагчдын нэг учраас гоё гоё шүлэгээс нь нийтэлж байна аа.

2 comments:

  1. unendee setgel mini
    GUNIGTAI...

    ReplyDelete
  2. Чиний бороо тоссон алга чинь
    Дөнгөж ниссэн шувууны үүр шиг халуухан юм.

    ReplyDelete