Saturday, May 12, 2012

АЛТАНХАН СҮЙХ


АЛТАНХАН СҮЙХ 
\тэмдэглэл\ 

 -1-
 “Мандахсан”гэдэг хүсэл хэний ч цээжинд байж болох. Гэтэл биеээрээ,нэрээрээ, үйлээрээ мандах болсон нэгэн монголын утга зохиолд байна. Түүнтэй уулзахын мөрөөсөл болсон би бээр “Эрдэнэт” хотруу зорьсон юм. Байгаль ээжийн өгөөж хишигийг хүртэгсэд олон ч, яруу найрагч хэмээх эрхэм алдрыг хүртэгсэд цөөн... Тэдний нэг нь Монголын утга зохиолд уламжлалыг сэргээн, өөрийн дэг, жаягтай яруу найргийн “Шавь сургалтыг” бий болгосон яруу найрагч Дамдинсүрэнгийн Мандахсан хэмээх ачтан бөлгөө. Хэнээс ч үүрэг даалгавар аваагүй, авах үгүй ч “Чөмгөө дундартал” хөлс хүчээ шавхах энэ албанд, хэний төлөө, юуны төлөө зүтгээ вэ?гэж бодогдохуй сэтгэл дэрвэн, самсаа шархирахуйд, мөнх хөх тэнгэр “Миний харьяат, би мэднэ...”гэх шиг уужимтан цэлийнэ. Энэ л “Тэнгэрийн харьяат” хэмээх тэдний, хязгааргүй хүслийн тэмүүлэл, хатуужил, ганцаардал, зөн билиг, хайр ухаарал,баяр баясал нь байж мэдэх “авьяас” хэмээх тайтгарлийн уужрал руу өнгийх үү? 
 -2- 

Пиджакныхаа зүүн энгэрийн заханд Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүний нэр төр, эрх дарх болсон бяцхан “Өд”ийг гялалзуулсан түүнтэй би учран золголоо... Бие биесийн гарыг өөрийн мэдэлгүй хоёр гараараа давхар атгалцан: “За ингэж нэг уулздаг байж дээ” хэмээлдэн зогсохуй хугацаанд бидний цус бие биесээ”Гурван зуун жаран”удаа тойрон эргэлдэж танимхайрхсан буй за. Сайхан хүнтэй, жинхэнэ шүлэг мэдэрдэг хүнтэй ярилцан суухын жаргалыг юутай зүйрлэлтэй. Тэрээр багаасаа зураг зурах дуртай нэгэн байж. Бүр хүүхэд байхын сургуулийн ханын сонин, сумынхаа улаан буланд Ленин, Сүхбаатар, Маркс, Энгельсийг зурдаг, зураач байсан гээд боддоо... Гэтэл ангийхан нь Багшийн Дээд Сургуульд хамт орьё гээд Багшийн Дээд Сургуулийн хэл уран зохиолын ангийг дүүргэж, зураач хүү маань үгийн эрэлчин болсон түүхтэй гэнэ. Угийн ажигч гярхай чадвар нь үгийн ай руу хөтлөж, шүлэг яруу найргийг өөр нүд, өөр сэтгэлээр харсан нь өөрийн дэг, жаягтай яруу найргийн өвөрмөгц “Шавь сургалт” болтолоо түгж “Уран-Өд”-ийнхөн буюу эдүгээ цагийн яруу найрагт шинэ дуу хоолой болж мэндчилсэн яруу найрагч Б.Эрдэнэсолонго, яруу найрагч Ж.Батцэцэг,яруу найрагч Д.Баттогтох, яруу найрагч Б.Баясгалан, Д.Баянтунгалаг, за тэгээд Б.Дашравдан, Х.Нямхишиг, Н.Мөнхнаран,М.Хангал, Ч.Өсөхболд, Д.Сосорбарам, Лхагвасүрэн, Р.Улам- Оргих, гээд эрт одоогийн олон олон шавиуддаа яруу найргийг өөрөөр харах, өөр өөрийнх нь мэлмийг нээн өгчээ. Түүний “Хүнд аялгуу”хэмээх шүлгийн сайн ном бий. Түүнээсээ хориод жилийн дараа “Навчин Ай”хэмээх шүлгийн ном хэвлүүлсэн нь “Ороо бусгаа цагийн, ороо бусгаад ундууцсан сэтгэлийнх нь тавгүйрхэл, үгийн шид, үгийн утгыг мэдрэх тусмаа эр бяр нь амтагдахад, барилдах, хэлэлцэх бөхгүйн ганцаардал, өөрийн олсон, өөрийн эрдмээ төдийлөн үнэтэйд тооцолгүй, авдрын буланруу чихчихээд, айл хэсэх нэгэн шиг тоомжиргүйдсэн, өрсөлдөгчгүйн зовлон, бусдын хүсээд гараагүй оргил дээр төдий бяр хүч гаргаагүй юм шиг явж гарчихаад, туг хатгаагүй нэгэн шиг” мэдрэмжээ үнэгүйдүүлсэн байдал харагдсан... Тэглээ гээд хэнд хамаатай. Оргил дээр гарсны эрдэмийг, оргил дээр гарч чадаагүйс ямар мэдрэх биш... Монголын утга зохиолд түүний гаргасан том мөр бол шүлгээсээ илүү шүлэгчийн эрдэм ухаан, мөс чанарт анхаарал тавьсан нь юм билээ. Энэ бол хэн хүний хийчих, амь амьдралаа зольчих тийм эр зориг бишээ. Энэ дээр л жинхэнэ яруу найрагчийн төсөөлөшгүй мөн чанаруудын нэг нь харагдаад байгаа юм. Шүлэгчийн эрдэмээ шүлэг болгон “би”хэмээн гадагшлуулахаасаа илүүтэй, шүлэгчдэд эрдэм болгон түгээх нь “ямар аугаа, шүлэглэхээсээ илүү цар хүрээтэй том эрдэм юм бэ?” гэж би бодсон. Түүний ертөнц рүү шагайх уу? 
Торгон шар намар урагдаж 
Шувууд хашгична 
Тогоруу тэнгэрт уйлалдаж 
Шөнө даарна... \торгон шар намар\ 

Өвсний үзүүр имэрсэн 
Намрын уйтгар түүж 
Өвгөн салхи тэнүүчлэн 
Хэлэх хэлэхгүйг үглэнэ... гэх юм уу? аль эсвэл 
...Ангайсан навчсын
Нялх хушуун дээр
Бороотой ганц үг чийглээд
Үзгээ амраанам, би... \Навчин Ай\ 2001он 
...Өнөөх л өглөө
Өнөөх л Мандах!
Өө энэ хачин гайхал... 
Их сайхан амьдарсан!
Өтөлсөн гэтэл
Залуугаараа...
Өвгөрсөн атал
Гоёороо...

Үсэг ном шүтэгч
Үлгэр шүлэг эрээчигч
Аяа би
Үзэгтэйгээ өтөлнөм
Алдар минь бас
Үртэйгээ соёолно...
Зүрх минь
Хөөрөх юмгүй ээ...
Хуучин танил
Эртний наран
Цонхоор угтана... \Өдөр хоног\2002 он 

х х х
Өөрийгөө таних гэж!
Өчүүхэн ч атугай нээх гэж…
Дотроо...
Аниргүйхэн гуньдаг!
Дотогшоогоо..
Ягуухан урсдаг...
Нялх шүлэг
Өлгийдөх гэж
Нэгэн биеэ зольдог
Тэр миний
Тэнгэрлэг
Аз жаргал...2006 он 
х х х
Хиймэл нүүртэй
Болчихгүй юмсан би!
Инээвэл
Инээсэн шиг инээж...
Үргэвэл
Үргэсэн шиг үргэж
Салхи авсан хандгай шиг
Сарын газар одно...

х х х
Аяа
Хүмүүн чамаас
Би
Арван сарын зэрлэг гөрөөс мэт
Үргэнэм! 2002он

х х х
Зүүрмэглэсэн харанхуй
Өрөөсөн нүдээ нээж
Зүүн орны дэргэд
Лаа асаана... \Навчин Ай\ 2002 

Нэг л юм
Нэг л юм үгүүлэгдээд
Нэг л юм
Нэг л юм дутаад
Нэг л юм
Нэг л юм бодогдоод
Нэг л юм...
Нэг л юм...

х х х
Лааны
Бийрэн дөл
Чимх амь...
Үлээвэл хүн унтарчихна... \Навчин Ай\2008он 

х х х
Ар араасаа айсуй
Үгийн чимээн дотор
Үг голсон тэнүүчлэл минь
Үнэхээр миний гэгээрэл... \Навчин Ай\2002 он 

х х х
Битгий хар
Хараач дээ... \Навчин Ай\ 2004он 

...Хачин үнэн юмыг
Бусдаас илүү мэдэрч...
Амьддаа би
Азтайхан дурлаж
Амсах гуниг атаа хорслыг сөрж
Аялгуут шүлгэндээ халуун амь шингээж
Азтайхан амьдралаа шүү дээ...
Ай асгарсанхан хайр...
Ай адарсанхан амьдрал минь
Ахиад давтагдашгүй мөрөөдлөө
Хэндээ хэлж гайхуулах вэ? 

АЛТАНХАН СҮЙХ
Насны хөлд
Ганцаардах
Нам жимд...
Найрагт уяатай
Өвгүн зүрх
Үл цуцна!
Өөр хэнийг ч биш
Өөрийг минь залж яваа
Өнөөх алтан сүйх
Өндрөөс
Бууж яваа харагдана!
Насны унаа
Өвгүн сүйх
Түжигнэн
Нам дор луу бууж явна
Нар дамжин нүүж явна
Дугуй чулуу хоёрт
Од харшин бутархад
Дуу чимээ хоёрт нь
Дусал нулимстай
Ганц алтан шад
Тээр... дээр...
Час улаан очис болж
Бударнаа!
Ээ!...
Өвгүн сүйх
Тэрэг минь...
Өвдөгний нүдэн дээр
Унах
Нулимс минь...
Би
Наран өөд Өгсөнөө... 
Мандахсан багш нэг иймэрхүү. Түүнтэй ярилцан суухуй зөнтэйгөө ярилцан суух шиг танил агаад элгэмсэг, дотно сайхан байлаа. Мөнхийн залуу тэрбээр Битгий хар Хараач дээ... хэмээн адган гуйх, гуйн адгах шигээ...
“Хурдан яв. 
Битгий яваач дээ” гэсэн сэтгэлтэйгээ намайг үдсэн. Яруу найргийн алтанхан сүйх, хязгааргүйн чандруу нисэн нисэн хурдлахдаа танай гадаа зог туссан бол гялбаанд нь умбасан чи ямархан азтай... 
 Бичээч яруу найрагч Банзайн Хүрэлтогоо Налайх хот. 2012.05.09.

1 comment: