Monday, March 28, 2011

Идэрээгийн идэрхэн шүлгүүд...

Наранцацралтын Мөнх-Идэр хэмээх энэ залуу бидний Уран-Өдөд байх. Намайг анх багш дээрээ, дугуйлан дээрээ очиход л

Өвсөн дундуур харц гүйлгэтэл
Өөрийг чинь би олоод харчихлаа
Өнгөт цэцэгсийн дэлбээ сормуус гижигдээд
Өөрийн эрхгүй нүдээ аньчихлаа ...





гээд л уншидаг хүү байж билээ. Тэр үнэхээр өөрийн гэсэн ертөнцтэй хүн, түүндээ тун бардамаар, хэнээс ч юунаас ч айж ширвээтэлгүй аж төрдөг нэгэн. Түүнийг та шүлгүүдээс нь харж болно л доо. Түрүү жил "Сэрэхийн өмнө" нэртэй шүлгийн түүврээ хэвлүүлсэн юм. За ингээд түүний "идэрхэн" шүлгүүдээс хүргье.

Зүүдэндээ очдог тэр тосгон

Миний амьдардаг газар

Зүс үгүй хүмүүс

Таних ч албагүй миний танилууд

Тэндхийн амьдрал энгийн.

Тэнэглэл, жүжиглэл үгүй.

Тэнд харанхуй болдоггүй

Инээд ч байх албагүй жаргалтай.

Энгийн.

Зүүдлээд сэрдэг энэ газар

Миний амьдардаг газар биш

Зүсэн бүрийн хүмүүс

Таних албатай танилууд

Эндхийн амьдрал эгэл бус

Эрээн мяраан “хувцсаар” дүүрэн.

Энд харанхуй болдог.

Инээх албатай жаргалтай.

Эгэл бус.

За тэр түүний ертөнц ийм... Одоо харин олон юм ярилгүй хэд хэдэн шүлэгийг нь бичье.

***

Өвс ногоороогүй

Бороо байхад
Навчис чимээгүй

Наргүй байхад

Сар гараагүй

Битүүн байхад

Юу ч болоогүй

Өчигдөр байхад

Хэн ч амсаагүй

Охин байхад

Хэзээ ч хараагүй

Нүцгэн байхад

Үл мэдэх

Жаргал байхад

Хүлээсэн

Ирээгүй байхад

Хүсэхэд

Бүтээгүй байхад

Хайр

Хайр болоогүй байхад

Хамгийн сайхан
***

Намрын элч

Умраас ирэх чиний мэддэггүй салхи

Улиасны навчсыг дорно зүг хийсгэнэ.

Урьд болсон үзэгдэл дахиж хэзээ ч давтагдахгүй

Учир нь навч биетэй ч, салхи биегүй...

Уулнаас буух чиний мэддэггүй урсгал

Усны чулуудыг эмтэлнэ.

Урьд болсон үзэгдэл дахиж хэзээ ч давтагдахгүй

Учир нь ус биетэй ч, урсгал биегүй...

Ирээдүйгээс ирэх чиний мэддэггүй цаг хугацаа

Цас оруулж, хайлуулж, ууршуулж, бороо оруулна.

Цаг л явна.

Цагаас бусад нь бүгд зогсоно.

Цагаа хүлээнэ...

Түүнээс илүү ихийг хүлээнэм...

4 comments:

  1. daguulj harval neg l tanil TSARAI

    ReplyDelete
  2. ene erdenetiinhen tsaana l neg zewuun garuuud daa, gehdee bugdeeree bish, shuleg bichdeg zarim neg tanidag tanidaggui zaluuchuud ni... hehe
    taalagdaw...

    ReplyDelete
  3. цагаа хүлээнэ...
    хайр
    хайр болоогүй байхад ч
    зүүдэндээ очдог тэр л тосгоны
    таних ч албагүй миний танилууд
    өөрийн эрхгүй цагаа хүлээнэ.

    ReplyDelete
  4. Зэвүү хүргэсэн согтуу хүүхдүүдэд зэвүүнээ үзүүлж болно шүү

    ReplyDelete