Monday, January 31, 2011

Байгалийн захиргаа юу иргэний нийгэм үү???

За жоохон улс төр яринаа. Блогийн агуулгаас тэс хөндлөн зүйл хэдий ч сая юмаа ухаж яваад оллоо. Жил гарны өмнө бичсэн бололтой. Шүлэг найргийн эрхэм анд нарт тэс хөндлөн зүйл байвал хажуу талын блог лист маань сайхан сайхан шүлэгтэй хүмүүсийнх учраас тэдэн дундаас ямартай ч дажгүй шүлэг олно гэдэгт итгэлтэй байна. Харин энэ чиглэлийн зүйл сонирхмоор байвал уншаарай...



***

2008 оны УИХ – ын сонгуулийн үеэр л дээ. Би тойрогтоо нэр дэвшиж буй гишүүнтэй хийсэн уулзалт дээр ингэж асуусан юм.

Манайх энэ байрны урд талын ТҮЦ – ийг ажиллуулдаг юм. Таны одоо хийх гээд байгаа ажил чинь манай ТҮЦ ажиллуулахаас өөр ажил уу, ав адилхан ажил уу? Хэрвээ та өөр гэж бодож байгаа бол яагаад өөр, адилхан гэж бодож байгаа бол яагаад адилхан талаараа хэлээд өгөөч? гэсэн юм.

- Манай хүн миний өмнөх хүний асуултанд их л нухацтай хариулж байгаад миний асуултыг “мартаад" дахин асуухад, Харин чи юу гэж бодож байна гээд муухай инээж билээ.

Нээрээ, ТҮЦ ажиллуулах эсвэл манай ахын гутал засах ажил, эрхэм УИХ – ын гишүүд, өөр төрийн болон улс төрийн албан хаагчидын гүйцэтгэх үүргээс өөр үү? Тийм бол яг юугаараа өөр вэ? Эсвэл адилхан уу, тийм бол яг яагаад адилхан бэ? гэсэн асуулт намайг их л бодолд оруулах боллоо. Т.Хоббс, Ж.Ж.Руссо... нарын бичсэн,бодсоноор бол хүн байгалийн захиргаанд (төргүй байх үеийг хэлж байна) байх үед яагаад заавал төр хэмээх зүйл хэрэгтэй болсон бэ гэдгийг эхлээд гаргаж ирсэн байдаг.

Яагаад гэвэл :

1-рт, хууль дүрэм, хэм хэмжээ, наад зах нь ёс суртахуун гэгч зүйл тухайн үед үйлчилдэг байсан уу гэдэг асуулт сонирхолтой. Яагаад гэвэл би өлсөж байна, чамд мах байна. Би чамаас хүчтэй, эсвэл зальтай. Тиймээс би хүч юмуу залиа хэргэлээд чиний махыг булааж идэхийг хүсч байна. Байгалийн захиргаанд байгаа үед тухайн хүний хүслийг хэн ч, юу ч хориглож дийлэхгүй. Таны хүсэл бол танд “зүй ёсны” зүйл. Та хүсч байна, хүсч байгаа зүйл тань зүй ёсны гэж бод. (Гэхдээ агуулга нь сайн муу байх нь гол биш, учир нь сайн мууг тогтоодог зүйл байхгүй.) Тэгэхээр манай хүчгүйчүүлд ямар нэгэн нийтийн хамгаалалт хэрэгтэй болж таарнаа даа.

2-рт, би нэгэнт бусдын махыг булааж авч идэх боломжтой байгаа учраас надаас хүчтэй, эсвэл зальтай хүн байж таарна. За бүүр хүч, залиараа хэнд ч дийлдэхгүй байлаа гэхэд олуулаа нийлчихсэн нөхдүүд байгаа. Тэд хэзээ ч надруу довтлоод намайг алаад, хоолыг маань аваад явчих боломжтой. Тиймээс надад зайлшгүй байдлаар хардалт, хамгаалалт үүснэ. “Хамгийн сайн хамгаалалт бол довтолгоон” гэдэг өдгөө хүртэл хүчин төгөлдөр буй дүрмийн дагуу би тэднийг надруу довтолохоос өмнө амжиж довтолох хэрэгтэй. Мөн хамгийн гол нь хүн бүхэн үүнийг ойлгож байгаа. Эндээс дайн үүснэ. Нэг ёсондоо зайлшгүйгээр “бүхний эсрэг бүхний дайн” буюу хаос (эмх замбараагүй байдал) үүснэ. Уг хардалт, хамгаалалтаа ганцаараа биелүүлэх боломжгүй учраас, мөн ганцаараа хаосыг арилгах боломжгүй учраас гэрээ хэлэлцээр хийжээ.

3-рт, их энгийн жишээн дээр ярихад : би нэг модны их сайхан амттай жимсийг авч идэх гээд авирч байтал модны нөгөө талаас нэг нөхөр бас гараад ирж л дээ. Бид хоёул уг жимсэнд санаатай. Гэхдээ байгалийн захиргаанд байх үед хэн нэгэн л авна. Тэрний оронд би жимс идмээр байнаа, оронд нь чамд жоохон мах өгье, эсвэл нийлж байгаад жимсээ авчихаад хуваагаад идье гэх асуудал байхгүй. Хэн хүчтэй нь авна. Гэтэл олон олон ийм тохиолдолын дараа нөхдүүд алалцаад хэн нэгэн нь модноос унаад үлдсэн нь жимсийг авдаг байдлаас залхаад хувааж авах, солилцох зэргийг гэрээний үндсэн дээр явуулах болж л дээ. Эндээс нийгмийн гэрээний онол гарч ирнэ.

Ингээд манайхан бүгд хэлэлцээд ингэж алалцаад байх нь утгагүй юм байнаа. Бүгдээрээ “төр” хэмээх зүйлийг бий болгоод, тэндээсээ дагаж мөрдөхөө бүгдээрээ амалсан “хууль” хэмээх зүйлийг гаргаад тэгээд хэн нэгэн “завтай бөгөөд хүсэлтэй, аятайхан нөхөрт” энэ асуудлаа даатгаад бүгдээрээ ан авдаа явах, урц овоохойгоо зэхэх, гэр орноо цэгцлэх, хүүхэд шуухдаа өсгөх гээд бусад ажлуудаа эвтэй найртайхан хувааж авч хийгээд сайхан байя гэсэн байх л даа. (Ингэж бодох юм бол, манайх ТҮЦ ажиллуулах, нэг нөхөр УИХ –д сонгогдож ажиллах хоёр бол “усны дусал” мэт адилхан зүйл болж таарнаа даа.)

Гэтэл зарим нэг хэл амтай нөхдүүд нь яахаараа миний юу хийх ёстойг энэ муу надад зааж, түүнийг нь хийхгүй бол би шийтгүүлж байх ёстой юм. Чадахгүй ээ...гэсэн байж болох юм. Гэтэл нөгөө хэд нь чи бод л доо, чи өөрийнхөө хүслээр, сайн сайхан юм хийгээд хорхойд хоргүй явж байтал чинь нэг мангар нөхөр залхуу нь хүрээд чиний хоолыг хулгайлаад авчихаж, эсвэл өөрийг нь хүүхнүүд тоохгүй болохоор нь танай басганыг хүчээр дараад авч гэж бодьё. Тэгвэл чамд ямаршуу байхав. Мэдээж муухай байна. Түүнээс чинь л хамгаалж нөгөө муу “төр гэдэг зүйл” дээр “сууж байгаа хүнд” чинь дүрэм журам батлах, түүнийгээ дагаж мөрдүүлэх, зөрчсөн тохиолдолд шийтгэх эрх өгөөд байгаа юм шүү дээ>> гэж тайлбарласан байх л даа. Ингээд л бүх асуудал ойлгомжтой болжээ. (Ингэж бодвол ардчилал гэдэг маань хамгийн анхны дэглэм байх нь ээ. Дэглэм гэдэг үг ч дээ, өөрөө 2 утгатай. Сэвжидийн дэглэлт Жалам хар, цагдаагийн дэглэлт хаймран бороохой. Аль аль утга нь хадгалагдаад байх шиг байгаа юм... Зохион байгуулна, хүч хэрэглэнэ.)

За тэгээд юм бүхэн сайн сайхан, ёс горимоороо (хуулийн дагуу) явж байжээ. Гэтэл нэг л өдөр нөгөө баталсан хуулиа зарим нэг нөхдүүд нь дагахгүй, чамд болон бусдад хор хохирол учруулаад эхэлжээ. Тэгвэл яах вэ? Миний эргэн тойронд байгаа хүмүүс нөгөө гэрээгээ дагаж мөрдөхгүй байвал бидэнд зүй ёсны хар үүсэх бөгөөд бусад хүн дагахгүй байхад би ганцаараа дагах юм бол “өөрийгөө сүйтгэж, сөнөөж байна” гэсэн үг. Орчин үеийн тоглоомын онолоор бол үүнийг “шатрын хүү” буюу золиосны хүн гэж нэрлэдэг.

Тэгээд бүр хуулиа уландаа гишгэх гишгэхдээ өнөөх төр хэмээх зүйлийн дээр сууж байгаа, завтай бөгөөд өөрөө хүссэн, та нар ажиллаа хийж бай, би энд зохицуулж байягэж хэлсэн нөхөр маань өөрөө хуулиа зөрчөөд, бүүр байгаад хуулиа зөвхөн өөртөө ашигтайгаар л гаргаад сууж байвал юу болох вэ? Нөгөө сайхан төр, нийгмийн гэрээ, хууль дүрэм, эмх цэгц, хэм хэмжээ, ёс суртахуун бла бла бла маань үнс нурам болж, хүн бүхэн эргээд байгалийн захиргаандаа зүй ёсоор шилжих нь тодорхой болно. Яагаад гэвэл “байгалийн захиргаан” - аас “нийгмийн гэрээний” үндсэн дээр (өдгөөгийнхөөр бол хууль дүрэм бий болсоноор) “иргэний нийгэм – төрт нийгэм” рүү шилжсэн гэх бодомжийг үнэн гэвэл, өнөөх гэрээ хэлэлцээр, хууль нь үгүй болчихоор эргээд байгалийн захиргааруугаа шилжих нь үнэн.

Иймээс өнөөдөр би иргэний нийгэмд амьдраад байна уу, эсвэл байгалийн захиргаандаа эргээд орсон уу гэх асуулт намайг ээрсээр л байна даа. Би л лав сармагчин өвөөгөө дуураймааргүй л байгаа юм.



2 comments:

  1. saihn bichjee... Gobbs Russo 2.g sain oilgoson bololtoi keke

    ReplyDelete
  2. Usgui bolhoos gahaitai agaar negen buizaa gej tsogt taij hadan deer siiljee gej.

    Yamartai ch hun mahan ideshten baisan baigaa baisaar baih ni l unen yumdag.

    Evsen zohitsohuin onol bol eniig huleen zuvshuurch baij l ehelne dee.

    ReplyDelete