Tuesday, August 31, 2010

ийм сайхан жаргалыг хаанаас би олох вэ?

Муу блогтоо салхи ч оруулалгүй их уджээ. Хичээл тарсан, одоо орох гэж байна. Ном уншисаар... Дуу сонссоор, хайрыгаа санасаар, шүлгээ бичсээр... Амьдрал дэндүү энгийн урсаж байна даа. Гэвч энгийн бүхэнд л гайхамшиг оршидог гэдэгт итгээд их уджээ. Амттай шүү... гэснээс.

Нэг шүлэг. Яахав бичиглэл л юм даа.


Энгийн бүхнийг ээнэгшин хайрланам

Галд баахан нойтон мод хийчихсэн юм шиг

гаднаа баахан аргал хуураачихаад бороонд цохиулчих шиг

ганцхан хундага үлдсэнийг унагаад асгачих шиг

галын дөл бүдэг утаа суунаглуулан түгэх шиг

хогын машин гадна ирээд танил ая дуугарах шиг

хотын захад ганцаар нохойд боргуулан алхах шиг

холын хамаатан айлд очиж хонох шиг

хочоор минь хаа холоос хэн нэгэн дуудах шиг

хүлээлт гэж бичсэн түргэний тэрэг хурдлах шиг

хүндээр өвчилсөн хүнд амьдралын сайхныг ярих шиг

хүсэл гэдэг зурган дээр багын минь дүр тодрох шиг

хүүхний инээд гутлын минь дор уйлах шиг

буцаж яваа шувууд одоо чи даарна даа гэж шоолох шиг

бусдын юмыг аваад буцааж өгөлгүй удах шиг

булгын эхэнд ургасан ганц ширхэг модон дээр

будаг нь арилсан хэрээ суугаад дуу дуулах шиг

инээд хүргэх ёстой хошин шогийн жүжиг

эмгэнэлт драмаас ч илүү эмгэнэлтэй санагдах шиг

итгэл алдсан хүнтэй инээж уулзах шиг

илүү гарсан хоолоо маргааш нь халааж идэх шиг

их зантай хүнд бага зан гаргах шиг

Ийм сайхан жаргалыг хаанаас би олох вэ?

Үүнээс илүү амьдралыг хэзээ би туулах вэ?

2010.07.29 Bellingham

2 comments:

  1. Сайхаан сайхан... юун бичиглэл...

    галд баахан нойтон мод хийчихсэн юм шиг
    гаднаа баахан аргал хуураачихаад бороонд цохиулчих шиг
    ганцхан хундага үлдсэнийг унагаад асгачих шиг
    хүлээлт гэж бичсэн түргэний тэрэг хурдлах шиг
    хүндээр өвчилсөн хүнд амьдралын сайхныг ярих шиг
    хүсэл гэдэг зурган дээр багын минь дүр тодрох шиг
    хүүхний инээд гутлын минь дор уйлах шиг
    буцаж яваа шувууд одоо чи даарна даа гэж шоолох шиг
    булгын эхэнд ургасан ганц ширхэг модон дээр
    будаг нь арилсан хэрээ суугаад дуу дуулах шиг

    энэ мөрүүд гоё санагдлаа, таалагдлаа.

    ReplyDelete