Sunday, December 16, 2012

Чиний хажууд би




Чиний хажууд би
Жирийн үеийнхээсээ хамаагүй илүү
Гэрэлтэй юм шиг л инээд алдаж
Жигүүртэй юм шиг л
Жингүйдэж чаддаг.
Чиний хажууд би
Мөр өвтгөсөн хүнд цүнхтэйгээ
Мөрөөдлөө үүрсэн бяцхан хүү хэвээрээ
Итгэж чадсан амьдралаа
Инээмсэглэн туулаж чаддаг
Чиний хажууд би
Хайр гэгч халуун болоод
Хацар дээр минь час хийн буух
Цагаахан бороо, гэгээхэн үнсэлт гэдгийг
Цаг алдалгүй мэдэрч, бас мэдрүүлж чаддаг.
Чиний хажууд л би
Зүрхнээс минь дэрхийн нисэлдэх
Зүс гэгээн хэсэг шувуудад
Сэтгэлдээ үүр засан хайр түгээгээд
Сэмрэхдээ нулимсаараа ундаалах
Тийм гэгээн байж чаддаг
Тийм гэнэн байж чаддаг...
Чиний л хажууд

Инээмсэглэн амьдрах утга учиртай байна гэдэг сайхан. 

Sunday, September 30, 2012

Нисэж чадах итгэл


С.А-д


***

Нисэж чадна гэж өөртөө итгээд
Нийслэлийн хамгийн өндөр байшин дээрээс
"Нисэж" үхсэн цэл залуухан сүнсний
Нийтэд зориулсан зарын сонин дээр
Нийтлэж бичсэн цор ганцхан өгүүлбэр
"Хаашаа ч юм явж мэдэх
Хаанаас ч юм ирж болох
Хамхуул юм бид,
Хайрлаж ч болох үзэн ядаж ч чадах
Амь юм бид,
Итгэж чадалгүй амьд явсанаас
Итгэж чадаад нисч болох
Ирээдүй юм бид...
Айх, итгэж яадах юун
Авч ирсэн зүйл нэгээхэн ч үгүй тул
Амьдралдаа бид юуг ч алдахгүй юм
Бид, бид, бид...
Битгий ингэж үхэхийн тулд амьдраач
Битгий ингэж амьдрахын тулд үхээч... 
Үхэх гэдэг чинь үнэндээ
Нисэх юм шүү дээ
Нисэх гэдэг чинь үнэндээ
Эхлэл юм шүү дээ..."

2012.09.30


Saturday, May 12, 2012

АЛТАНХАН СҮЙХ


АЛТАНХАН СҮЙХ 
\тэмдэглэл\ 

 -1-
 “Мандахсан”гэдэг хүсэл хэний ч цээжинд байж болох. Гэтэл биеээрээ,нэрээрээ, үйлээрээ мандах болсон нэгэн монголын утга зохиолд байна. Түүнтэй уулзахын мөрөөсөл болсон би бээр “Эрдэнэт” хотруу зорьсон юм. Байгаль ээжийн өгөөж хишигийг хүртэгсэд олон ч, яруу найрагч хэмээх эрхэм алдрыг хүртэгсэд цөөн... Тэдний нэг нь Монголын утга зохиолд уламжлалыг сэргээн, өөрийн дэг, жаягтай яруу найргийн “Шавь сургалтыг” бий болгосон яруу найрагч Дамдинсүрэнгийн Мандахсан хэмээх ачтан бөлгөө. Хэнээс ч үүрэг даалгавар аваагүй, авах үгүй ч “Чөмгөө дундартал” хөлс хүчээ шавхах энэ албанд, хэний төлөө, юуны төлөө зүтгээ вэ?гэж бодогдохуй сэтгэл дэрвэн, самсаа шархирахуйд, мөнх хөх тэнгэр “Миний харьяат, би мэднэ...”гэх шиг уужимтан цэлийнэ. Энэ л “Тэнгэрийн харьяат” хэмээх тэдний, хязгааргүй хүслийн тэмүүлэл, хатуужил, ганцаардал, зөн билиг, хайр ухаарал,баяр баясал нь байж мэдэх “авьяас” хэмээх тайтгарлийн уужрал руу өнгийх үү? 
 -2- 

Пиджакныхаа зүүн энгэрийн заханд Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүний нэр төр, эрх дарх болсон бяцхан “Өд”ийг гялалзуулсан түүнтэй би учран золголоо... Бие биесийн гарыг өөрийн мэдэлгүй хоёр гараараа давхар атгалцан: “За ингэж нэг уулздаг байж дээ” хэмээлдэн зогсохуй хугацаанд бидний цус бие биесээ”Гурван зуун жаран”удаа тойрон эргэлдэж танимхайрхсан буй за. Сайхан хүнтэй, жинхэнэ шүлэг мэдэрдэг хүнтэй ярилцан суухын жаргалыг юутай зүйрлэлтэй. Тэрээр багаасаа зураг зурах дуртай нэгэн байж. Бүр хүүхэд байхын сургуулийн ханын сонин, сумынхаа улаан буланд Ленин, Сүхбаатар, Маркс, Энгельсийг зурдаг, зураач байсан гээд боддоо... Гэтэл ангийхан нь Багшийн Дээд Сургуульд хамт орьё гээд Багшийн Дээд Сургуулийн хэл уран зохиолын ангийг дүүргэж, зураач хүү маань үгийн эрэлчин болсон түүхтэй гэнэ. Угийн ажигч гярхай чадвар нь үгийн ай руу хөтлөж, шүлэг яруу найргийг өөр нүд, өөр сэтгэлээр харсан нь өөрийн дэг, жаягтай яруу найргийн өвөрмөгц “Шавь сургалт” болтолоо түгж “Уран-Өд”-ийнхөн буюу эдүгээ цагийн яруу найрагт шинэ дуу хоолой болж мэндчилсэн яруу найрагч Б.Эрдэнэсолонго, яруу найрагч Ж.Батцэцэг,яруу найрагч Д.Баттогтох, яруу найрагч Б.Баясгалан, Д.Баянтунгалаг, за тэгээд Б.Дашравдан, Х.Нямхишиг, Н.Мөнхнаран,М.Хангал, Ч.Өсөхболд, Д.Сосорбарам, Лхагвасүрэн, Р.Улам- Оргих, гээд эрт одоогийн олон олон шавиуддаа яруу найргийг өөрөөр харах, өөр өөрийнх нь мэлмийг нээн өгчээ. Түүний “Хүнд аялгуу”хэмээх шүлгийн сайн ном бий. Түүнээсээ хориод жилийн дараа “Навчин Ай”хэмээх шүлгийн ном хэвлүүлсэн нь “Ороо бусгаа цагийн, ороо бусгаад ундууцсан сэтгэлийнх нь тавгүйрхэл, үгийн шид, үгийн утгыг мэдрэх тусмаа эр бяр нь амтагдахад, барилдах, хэлэлцэх бөхгүйн ганцаардал, өөрийн олсон, өөрийн эрдмээ төдийлөн үнэтэйд тооцолгүй, авдрын буланруу чихчихээд, айл хэсэх нэгэн шиг тоомжиргүйдсэн, өрсөлдөгчгүйн зовлон, бусдын хүсээд гараагүй оргил дээр төдий бяр хүч гаргаагүй юм шиг явж гарчихаад, туг хатгаагүй нэгэн шиг” мэдрэмжээ үнэгүйдүүлсэн байдал харагдсан... Тэглээ гээд хэнд хамаатай. Оргил дээр гарсны эрдэмийг, оргил дээр гарч чадаагүйс ямар мэдрэх биш... Монголын утга зохиолд түүний гаргасан том мөр бол шүлгээсээ илүү шүлэгчийн эрдэм ухаан, мөс чанарт анхаарал тавьсан нь юм билээ. Энэ бол хэн хүний хийчих, амь амьдралаа зольчих тийм эр зориг бишээ. Энэ дээр л жинхэнэ яруу найрагчийн төсөөлөшгүй мөн чанаруудын нэг нь харагдаад байгаа юм. Шүлэгчийн эрдэмээ шүлэг болгон “би”хэмээн гадагшлуулахаасаа илүүтэй, шүлэгчдэд эрдэм болгон түгээх нь “ямар аугаа, шүлэглэхээсээ илүү цар хүрээтэй том эрдэм юм бэ?” гэж би бодсон. Түүний ертөнц рүү шагайх уу? 
Торгон шар намар урагдаж 
Шувууд хашгична 
Тогоруу тэнгэрт уйлалдаж 
Шөнө даарна... \торгон шар намар\ 

Өвсний үзүүр имэрсэн 
Намрын уйтгар түүж 
Өвгөн салхи тэнүүчлэн 
Хэлэх хэлэхгүйг үглэнэ... гэх юм уу? аль эсвэл 
...Ангайсан навчсын
Нялх хушуун дээр
Бороотой ганц үг чийглээд
Үзгээ амраанам, би... \Навчин Ай\ 2001он 
...Өнөөх л өглөө
Өнөөх л Мандах!
Өө энэ хачин гайхал... 
Их сайхан амьдарсан!
Өтөлсөн гэтэл
Залуугаараа...
Өвгөрсөн атал
Гоёороо...

Үсэг ном шүтэгч
Үлгэр шүлэг эрээчигч
Аяа би
Үзэгтэйгээ өтөлнөм
Алдар минь бас
Үртэйгээ соёолно...
Зүрх минь
Хөөрөх юмгүй ээ...
Хуучин танил
Эртний наран
Цонхоор угтана... \Өдөр хоног\2002 он 

х х х
Өөрийгөө таних гэж!
Өчүүхэн ч атугай нээх гэж…
Дотроо...
Аниргүйхэн гуньдаг!
Дотогшоогоо..
Ягуухан урсдаг...
Нялх шүлэг
Өлгийдөх гэж
Нэгэн биеэ зольдог
Тэр миний
Тэнгэрлэг
Аз жаргал...2006 он 
х х х
Хиймэл нүүртэй
Болчихгүй юмсан би!
Инээвэл
Инээсэн шиг инээж...
Үргэвэл
Үргэсэн шиг үргэж
Салхи авсан хандгай шиг
Сарын газар одно...

х х х
Аяа
Хүмүүн чамаас
Би
Арван сарын зэрлэг гөрөөс мэт
Үргэнэм! 2002он

х х х
Зүүрмэглэсэн харанхуй
Өрөөсөн нүдээ нээж
Зүүн орны дэргэд
Лаа асаана... \Навчин Ай\ 2002 

Нэг л юм
Нэг л юм үгүүлэгдээд
Нэг л юм
Нэг л юм дутаад
Нэг л юм
Нэг л юм бодогдоод
Нэг л юм...
Нэг л юм...

х х х
Лааны
Бийрэн дөл
Чимх амь...
Үлээвэл хүн унтарчихна... \Навчин Ай\2008он 

х х х
Ар араасаа айсуй
Үгийн чимээн дотор
Үг голсон тэнүүчлэл минь
Үнэхээр миний гэгээрэл... \Навчин Ай\2002 он 

х х х
Битгий хар
Хараач дээ... \Навчин Ай\ 2004он 

...Хачин үнэн юмыг
Бусдаас илүү мэдэрч...
Амьддаа би
Азтайхан дурлаж
Амсах гуниг атаа хорслыг сөрж
Аялгуут шүлгэндээ халуун амь шингээж
Азтайхан амьдралаа шүү дээ...
Ай асгарсанхан хайр...
Ай адарсанхан амьдрал минь
Ахиад давтагдашгүй мөрөөдлөө
Хэндээ хэлж гайхуулах вэ? 

АЛТАНХАН СҮЙХ
Насны хөлд
Ганцаардах
Нам жимд...
Найрагт уяатай
Өвгүн зүрх
Үл цуцна!
Өөр хэнийг ч биш
Өөрийг минь залж яваа
Өнөөх алтан сүйх
Өндрөөс
Бууж яваа харагдана!
Насны унаа
Өвгүн сүйх
Түжигнэн
Нам дор луу бууж явна
Нар дамжин нүүж явна
Дугуй чулуу хоёрт
Од харшин бутархад
Дуу чимээ хоёрт нь
Дусал нулимстай
Ганц алтан шад
Тээр... дээр...
Час улаан очис болж
Бударнаа!
Ээ!...
Өвгүн сүйх
Тэрэг минь...
Өвдөгний нүдэн дээр
Унах
Нулимс минь...
Би
Наран өөд Өгсөнөө... 
Мандахсан багш нэг иймэрхүү. Түүнтэй ярилцан суухуй зөнтэйгөө ярилцан суух шиг танил агаад элгэмсэг, дотно сайхан байлаа. Мөнхийн залуу тэрбээр Битгий хар Хараач дээ... хэмээн адган гуйх, гуйн адгах шигээ...
“Хурдан яв. 
Битгий яваач дээ” гэсэн сэтгэлтэйгээ намайг үдсэн. Яруу найргийн алтанхан сүйх, хязгааргүйн чандруу нисэн нисэн хурдлахдаа танай гадаа зог туссан бол гялбаанд нь умбасан чи ямархан азтай... 
 Бичээч яруу найрагч Банзайн Хүрэлтогоо Налайх хот. 2012.05.09.

Friday, March 9, 2012

Хайр бол...


Хайр бол
Зүрхийг минь бүгдэд харуулагч
Цонх юм
Хайр бол
Үсийг минь дураар хийсгэгч
Салхи юм
Хайр бол
Сара, Бочелли
Хоёрын хослон дуулсан
Дуу юм
Хайр бол
Сохор дуучныг сонсоод
Нүдтэй хүмүүс уйлах
Чимээ юм
Гэрэл юм
Хайр бол
Солгой хоолойтой хүү
Ээждээ зориулж дуу дуулаад
Инээд алдах
Мөч юм
Мөрөөдөл юм

Хайр бол
Хайлмаг бариад
Ээж минь
Аавд өгөх үдэш юм
Хайр бол
Эгчийн минь хүү
Энгэр өөд мацаад
Шүлсээрээ будах
Эгшиг юм
Энэрэл юм
Хайр бол
Уйлж хагацсан хүнтэйгээ
Инээж уулзах
Учрал юм
Хайр бол
Үнсэх, үлээх хоёрын
Үл мэдэг зааг юм
Хайр бол
Үлдэх, одох хоёрын
Үнэн нийлдэг амсар юм
Хайр бол
Зүрхийг минь
Бүгдэд харуулагч
Цонх юм
Хайр бол...

Wednesday, January 25, 2012

Амьдрал бол...


Амьдрал бол хөгжим
Хэмнэл хэрэгтэй
Амьдрал бол хэмнэл
Цохилт хэрэгтэй
Амьдрал бол цохилт
Уянга хэрэгтэй
Амьдрал бол уянга
Тайвширал хэрэгтэй
Амьдрал бол тайвширал
Санаа алдалт хэрэгтэй
Амьдрал бол санаа алдалт
Амьдрал бол санаснаа марталт

Амьдрал бол саран дээр суудаг хүү
Санаа алдахдаа бодож олсон
Сайхан зүйл бас энгийн юм
Амьдрал бол амьдрахгүй байж боломгүй
Бас амьдарч ч боломгүй
Тийм бүдэгхэн зүйл
Амьдрал бол бүдэгхэн дундах бүдэгхэн
Тийм цайрсан гэрэл юм
Амьдрал бол хайрыг хайж олсон
Зарим нэг хүн л жинхэнээр нь мэдэрдэг
Халбагахан зөгийн балны амт юм
Амьдрал бол...

Tuesday, September 20, 2011

Энд хуучнаараа...


Энд хуучнаараа...

Хүмүүс наранд итгэдэг
Саранд мөрөөддөг хэвээр.
Хүсэл минь наранд хүрдэг
Сарыг өмчилдөг хэвээр.
Хүлээлт минь он цагтай сөргөлдөж
Хүрэн зүрх минь өөрийгөө эрдэг
Хэвээр...
Хэвээрээ энд бүх зүйл яг л
Хуучнаараа.
Хүмүүс хүүхэд шиг хэвээрээ
Хүссэн бүхэндээ хүрэх гэдэг
Хэрвээ чадахгүй бол уйлдаг
Хэвээрээ...
Харчуул Адам шиг эхнэрийнхээ
Үгэнд ордог
Хүүхнүүд агсам тавьдаг нөхрөө
Гэртээ хүлээдэг ч
Хүүхдүүд нь айл гэр болж тоглодог
Бүх зүйл янзандаа...

Гэхдээ бурхан минь
Та өөрчлөгдсөн үү...?

Friday, July 29, 2011

16 тайдаа бичиж байжээ...

Аль 16 настайдаа иймэрхүү шүлэг бичдэг байсан байх нь. Уран-Өд дээрээ, багшдаа, найз нартаа шинэ шүлэгээ унших гээд л "Номын төв" - д болдог дугуйландаа яаран гүйдэгсэн...
...Арван хэдтэй залуучууд
Айраг уугаад, найраг уншаад
Дуулж явсан юмаа... гэж нэг дуу байдаг байхаа. Хангал ах, Дашка, Идэрээ, Нямка, Сосоо, Нэргүй, Лхагваа, Дулмаа, Ариунбаяр, Алтанхуяг гэж нөхдүүд дугуйлангаа санах бүрт сэтгэлд минь юу юуны өмнө орж ирдэг юм. Сайхан ч цаг байж, сайхан ч хотод байж, сайхан ч багштай байж дээ. Багшийнхаа номонд зураг зурах хүн олчих юм сан даа.
Гэснээс шүлэгээ мартах гэж байна ш дээ.

"Арван долоотойдоо хэн л томоождогсон билээ" гээд
Arthur Rimbaud аваад хаячихсан байдаг билүү дээ.

Батлах албагүй бодол

Үнэн эс бөгөөс худал
Тэнгэр эс бөгөөс газар
Үүл эс бөгөөс шороо
Тэр эс бөгөөс энэ
Амьдрал ердөө л хоёрхон туйлын хооронд
Ацаглаж тогтсон ганц тулгуур
Аль эсвэл чи ч би ч хэн ч мэдэхгүй
Асуултаар дүүрэн агаар мандалын орчил
Үхэл эс болбоос амьдрал
Үүрд эс болбоос түр зуур
Там эс болбоос диваажин
Тэнд эс болбоос энд
Орон зай ердөө л орших хязгаар
Орчлонгийн тоосонцор оршуулагдах газар
Осолдохгүй оргилд хүрэх цэг
Огт ор үгүйн оддын эргэх тэнхлэг
Хоосон эс агаад дүүрэн
Хар эс агаад цагаан
Хайр эс агаад үзэн ядалт
Одоо эс агаад хэзээ ч үгүй
Цаг хугацаа ердөө л нэмэх хасах дараалал
Цал буурал хүүгийн өвгөн болох хүсэл
Цас бороо болж шиврэх тэр намуун аяз
Цатгалан хорвоогийн цана тогтохгүй хуйлрал
Буруу эс атал зөв
Бурхан эс атал чөтгөр
Инээд эс атал уйлаан
Эсвэл энэ чигээрээ эсрэг тэсрэг

Үхсэний дараахыг зовсоны эцэсийг
Үнэн эсвэл худлыг бүгдийг нь
Мэдэхгүй атлаа чамин төрх зурж
Чадахгүй байтлаа хээнцэр дүр бичиглэж
Үхэл, батлах албагүй аксиом гэдгийг
Үүрд бид судалсаар л байх уу?

Saturday, July 23, 2011

Хайраар усласан чулуун дээр...

Хувь заяа гэж байдагт
Хувь ч итгэдэггүй болохоор
Хуучин бүхний мартагналыг
Жам гэж ойлгодог.
Дэндүү бачим хорвоогийн
Дэлэм хүрэхгүй зайнд ч
Дэлгэсэн сэтгэл бүтнээрээ
Багтаж болдогт итгэдэг.
Хайраар усласан чулуун дээр
Цэцэг ургадагийг мэдсэн болохоор
Хатуу амьдралын зохицолыг
Цэгцэлж болдог оо, зүрхэндээ...

Яаж ч хичээгээд бид
Өөрчилж чаддаггүй зүйлсийг
Яахав дээ! гээд орхиж сурах зоргийг
Өнөөдрөөс л олдог болохоор
Нэгэнт эхлэсэн зүүдийг
Амьдрал гэж итгээд
Нэг сайхан зүүдлээд сэрэхэд
Юуны буруу байхав...

Thursday, May 19, 2011

Чиний ...




Чиний нүдээр ертөнцийг харан
Нүргээн дунд нам гүм суух
Чиглэн ирэх уйтгар гунигийг
Баярлан угтах, баярлан үдэх
Зүрхний хэм алдалт шиг
Зүг зүгийн цаг өөр өөрөөр цохилох
Өөрөөр цохилсон мөч бүрүүдийн төгсгөлд
Өөрөөрөө л үлдэх...

Чиний чихээр хорвоог дуулж
Харанхуйн дунд анивчин суух
Чилийсэн урт өдрүүдийг
Чин хүслээрээ туулах, бас дуулах
Үлдээж орхисон дурсамжууд минь сэрэх шиг
Үе үе бүлээхэн салхи сэвэлзэх
Сэрж мартсан он жилүүдийн төлөөсөнд
Сэтгэл минь хуучрах...
Гэвч
Хуучирсан сэтгэлээс шинэ дуу төрөх
Төрсөн дууны гэгээн аясанд
Чиний нэр нуугдах...
Чиний хэлсэн үг бүрээр
Навчсын судалд нэр хайрлаж
Судлыг нь дагасан амьдралаа хайр гэдэгт итгэхэд
Судсыг минь дагасан хүсэл минь
Буй биеэр оргилном...

Thursday, April 21, 2011

Өвлүүлэн үлдээхийг хүсдэг....



Үдэш бүрийн гүн санаашрал
Үлэмж их ганцаардлын дараа
Үймээнт хорвоо миний хувьд
Анивчин анивчин унтрах шиг болдог
Өдөр бүрийн энэ л давтамжийг
Өнөөдрөөс эхлээд л би амьдрал гэж
нэрлэдэг.Тэгээд дараа нь
Тэмдэглэлийн дэвтрээ дэлгэж тавиад
Өчигдөр гэж өдөр байсан тухай
Өгүүлбэр, эсвэл хэдэн үгийг
Өөрөөсөө ч нуун байж бичдэг

Бичиж тэмдэглэсэн бүхэн минь
Балран мартагдах байлаа ч
Битүүхэн гэгээн гунигаа үлдэх юм шиг санадаг
Тэгээд би
Өнгөрснийг санагалзах дургүй өөр олон хүмүүст
Өргөст дурсамжийн судрыг
Өвлүүлэн үлдээхийг хүсдэг...

2011.04.21

Tuesday, April 19, 2011

хүүгээ хайрлан Зүүдлээ дээ...



Хаа ч юм сонссон хуучин танил дуу

Хаалттай цонхны цаанаас ч

Хачин тод уянгалах нь

Хаврын шөнө орсон

Анхны борооны үнэр

Хамаг биеийг минь сүвлэн

Нэвтрэх шиг санагдана.

Газарт буухаасаа ч өмнө

Сарнин бутрах дуслууд нь

Газар дэлхий дээр намайг

Өөрийгөө эмтлэн үлдээх

Гарцаагүй үнэн жамыг

Гайхалтай энгийнээр үзүүлэх

Гагц нандин мөчид

Эмтэрхий бүхнийг нэгтгэж суудаг

Эмгэн буурал ижий минь

Энтээх хананы цаана хүүгээ хайрлан

Зүүдлээ дээ...

2011.04.16

Thursday, April 14, 2011

Гуниглаж сурахад

Katie Melua ... I cried for you




Гуниглаж сурахад надад ердөө
Гутал дээр минь зөөлөн буух
Ганцхан ширхэг шаргал навч,
Чихэвчээр дамжин надруу шунгах
Чиний ганцхан дуу л хэрэгтэй...



Жаргаж сурахад надад ердөө
Жаахан ч гэсэн өөртөө үлдэх зориг,
Зав гарвал үзгээ барих хүсэл,
Хэрэгтэй үед нь хэн ч биш гэдгээ
Хэлүүлэлтгүй ойлгох л хангалттай...


2011.04.14


Friday, April 1, 2011

Мөрөөдлөө хэн нэгэнтэй хуваалцаж



Мөрөөдлөө хэн нэгэнтэй хуваалцаж,
Мөдхөн ирэх цаг мөчүүдийн тухай
Өөрсдийнхөө төсөөллийг хэлэлцэж,
Өнөөдрийг хэрхэн үрэн таран хийснээ
Өрөвдөлтэйгөөр эсвэл тун сэтгэл хангалуунаар
Өөрөө өөртэйгөө ярьж,
Алдаа оноогоо, алдсан авсан бүхэнтэйгээ
Адилтган тэнцүүлж байх нь
Амьдралын энгийн зарчим юм.
Гэхдээ хүмүүс үүнийг
Гэсгээл хэмээн бодоцгоож
Өөрсдөд нь огт өгөөгүй
Өөр жаргалаар зовцгоох юм...

.2011.4.01.

Monday, March 28, 2011

Идэрээгийн идэрхэн шүлгүүд...

Наранцацралтын Мөнх-Идэр хэмээх энэ залуу бидний Уран-Өдөд байх. Намайг анх багш дээрээ, дугуйлан дээрээ очиход л

Өвсөн дундуур харц гүйлгэтэл
Өөрийг чинь би олоод харчихлаа
Өнгөт цэцэгсийн дэлбээ сормуус гижигдээд
Өөрийн эрхгүй нүдээ аньчихлаа ...





гээд л уншидаг хүү байж билээ. Тэр үнэхээр өөрийн гэсэн ертөнцтэй хүн, түүндээ тун бардамаар, хэнээс ч юунаас ч айж ширвээтэлгүй аж төрдөг нэгэн. Түүнийг та шүлгүүдээс нь харж болно л доо. Түрүү жил "Сэрэхийн өмнө" нэртэй шүлгийн түүврээ хэвлүүлсэн юм. За ингээд түүний "идэрхэн" шүлгүүдээс хүргье.

Зүүдэндээ очдог тэр тосгон

Миний амьдардаг газар

Зүс үгүй хүмүүс

Таних ч албагүй миний танилууд

Тэндхийн амьдрал энгийн.

Тэнэглэл, жүжиглэл үгүй.

Тэнд харанхуй болдоггүй

Инээд ч байх албагүй жаргалтай.

Энгийн.

Зүүдлээд сэрдэг энэ газар

Миний амьдардаг газар биш

Зүсэн бүрийн хүмүүс

Таних албатай танилууд

Эндхийн амьдрал эгэл бус

Эрээн мяраан “хувцсаар” дүүрэн.

Энд харанхуй болдог.

Инээх албатай жаргалтай.

Эгэл бус.

За тэр түүний ертөнц ийм... Одоо харин олон юм ярилгүй хэд хэдэн шүлэгийг нь бичье.

***

Өвс ногоороогүй

Бороо байхад
Навчис чимээгүй

Наргүй байхад

Сар гараагүй

Битүүн байхад

Юу ч болоогүй

Өчигдөр байхад

Хэн ч амсаагүй

Охин байхад

Хэзээ ч хараагүй

Нүцгэн байхад

Үл мэдэх

Жаргал байхад

Хүлээсэн

Ирээгүй байхад

Хүсэхэд

Бүтээгүй байхад

Хайр

Хайр болоогүй байхад

Хамгийн сайхан
***

Намрын элч

Умраас ирэх чиний мэддэггүй салхи

Улиасны навчсыг дорно зүг хийсгэнэ.

Урьд болсон үзэгдэл дахиж хэзээ ч давтагдахгүй

Учир нь навч биетэй ч, салхи биегүй...

Уулнаас буух чиний мэддэггүй урсгал

Усны чулуудыг эмтэлнэ.

Урьд болсон үзэгдэл дахиж хэзээ ч давтагдахгүй

Учир нь ус биетэй ч, урсгал биегүй...

Ирээдүйгээс ирэх чиний мэддэггүй цаг хугацаа

Цас оруулж, хайлуулж, ууршуулж, бороо оруулна.

Цаг л явна.

Цагаас бусад нь бүгд зогсоно.

Цагаа хүлээнэ...

Түүнээс илүү ихийг хүлээнэм...

Monday, February 14, 2011

Saint Valentine - ийн баярын мэнд хүргье.

За бүгдэнд нь Saint Valentine - ийн баярын мэнд хүргье.

"Эдүгээ итгэл,найдвар, хайр гурав үлддэг боловч хамгийн агуу нь хайр мөн." гэсэн байдаг. Хайр гэдэг гаргаж байгаа хүнээс их зүйл шаардахгүй боловч, авч буй хүнд маш их зүйлийг өгч чаддаг гайхамшигтай зүйл юм шигээ. Миний уншсан хэдэн хайрын тухай үг, ишлэлээс "Хайр бол тэвчээртэй, энэрэнгүй юм. Хайр атаархдаггүй, бардам зан гаргадаггүй, ихэрхдэггүй, зохисгүй авирладаггүй, өөрийнхийг эрдэггүй, уурладаггүй, муутай тооцоо хийдэггүй, зөвт бус байдалд баярладаггүй, харин үнэнд баярладаг, бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг.Хайр хэзээ ч дуусдаггүй." гэдэг үг хамгийн гоё санагддаг.

Өнөөдөр хайрттайгаа хамт бяцхан баяр тэмдэглэлээ. Хайрт минь надад Г.Аюурзана, Л.Өлзийтөгс нарийн сонголтоор эмхтгэсэн Монголын сонгомол яруу найраг номыг бэлэглэлээ. Тэр номоос нэгэн шүлгийг хайртдаа болон хайр дурлалт бүх хүмүүстээ зориулж байна.

Өөрийгөө би хайрлаж чадаагүй

тийм хайраар чамайг би хайрласан

Өөрийгөө чи хайрлаж чадаагүй

тийм хайраар чамайг би хайрласан

Мөнгөн бургасны зулзаган мөчрийг

чамайг хайрлахдаа би хайрласан

Мөнхийн сайхан хөх тэнгэрийг

чамайг хайрлахдаа би хайрласан

Мөлсөн чулуу, цэгээн урсгалыг

чамайг хайрлахдаа би хайрласан

Мөрөөдлийн цэцэрлэг уулынхаа үнэрийг

чамайг хайрлахдаа би хайрласан

Өөр хэн ч хайрлаж чадахгүй тийм

хайраар чамайг би хайрласан

Өлмийг чинь шүүдрийн гилбэлгээн долоох шиг

тийм цээлхэн эгшнийг хайрласан

Булаг ус бөгтөр улиастай учралт газар

Бургисан жаргалын минь хэмжээгээр

Өвс унахыг хайрласан…

Яруу найрагч Төрийн БАЯНСАН